apple-co

“Apple”-ийн ханш сүүлийн зургаан жилд байгаагүйгээр огцом унажээ

“Apple” компани борлуулалтын орлогын төлөвийг сүүлийн 20 жилд анх удаа бууруулсны дараа хувьцааны ханш нь 10 хувиар буюу сүүлийн зургаан жилд байгаагүйгээр огцом уналаа. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 71 тэрбум ам.доллароор буураад байна.

“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук шинэ жил тохиосон баярын улиралд компанийн борлуулалтын орлого нь 84 тэрбум ам.доллар байх төлөвтэй гэж мэдэгджээ. Энэ нь шинжээчдийн тооцоолсноос долоон тэрбум ам.доллароор бага дүн болж байна. Орлогын төлөв ийнхүү буурахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан, “iPhone”-ийн эрэлт буурсан зэрэг нөлөөлсөн гэж Тим Кук тайлбарлажээ. Тэрбээр мөн “iPhone”-ийн шинэчлэл хүлээлтэд хүрээгүй гэсэн тайлбар өгсөн юм.

“Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук “БНХАУ-ын зах зээлийг харвал эдийн засгийн өсөлт нь 2018 оны хоёрдугаар хагаст саарсан. Үүнд “Худалдааны дайн” голлон нөлөөлсөн гэж харж байна. БНХАУ ч мөн эдийн засагтаа сорилт нэмсэн. Манай жижиглэн худалдааны борлуулалтын цэгүүд, хамтарч ажилладаг түншлэгч дэлгүүрүүдийн өнгөрсөн улирлын борлуулалт, ухаалаг гар утасны зах зээлийн тайлангаа харахад 11 дүгээр сарын үзүүлэлт тааруу байсан. Одоогоор 12 дугаар сарын үзүүлэлттэй танилцаагүй байна. Гэхдээ мөн адил тааруу дүнтэй байна гэж таамаглаж байна” гэж онцоллоо.

“Apple” энэ оноос “iPhone”-ийн борлуулалтын тоо ширхгийг мэдээлэхгүй байхаар шийдвэрлэсэн юм. Энэ нь тааруу борлуулалтаа нуух оролдлого гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байгаа нь хувьцааны ханшид нь сөргөөр нөлөөлөх болжээ.

Тим Кукийн мэдэгдлийн дараа “BTIG”, “RBC” зэрэг “Wall Street”-ийн зургаан компани хувьцааны ханшийн таамгаа 15 орчим хувиар бууруулсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих