сан

Уул уурхайн төсвийн орлогыг 22 хувиар нэмэгдүүлжээ

2019 оны эхний улиралд улсын төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 22 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөг хүрсэн болохыг Сангийн яам мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого бүрдэлтийг төрлөөр нь харвал орлогын албан татвар өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 537.6 тэрбум төгрөг хүрсэн байна. Мөн нийгмийн даатгалын орлого 27.5 хувиар өсөж, 438.9 тэрбум төгрөг хүрээд байгаа юм. Төсвийн орлогын өсөлтөд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого голлон нөлөөлсөн гэж Сангийн яам мэдээллээ. Уул уурхайгаас төсөвт төвлөрүүлсэн орлого 739 тэрбум төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 59 хувиар өссөн байна. Оны эхний хоёр сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оноос 20 орчим хувиар өсжээ. Үүнээс нүүрсний экспорт дүнгээрээ 36 хувиар өсөөд байгаа юм.

Экспорт өссөнөөр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нэмэгдсэн байна. Харин газрын тосны экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.5 мянган баррелиар, үнэ нь 12.6 хувиар буурснаар энэ салбарт орж ирэх орлого буурчээ. Энэ онд Засгийн газар уул уурхайн салбарын орлогын хэмжээг гурван их наяд төгрөг давуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих