Эзэнгүй Дөрвөн сая ам.долларын хэрэг

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларын асуудлаар бие биенээ хуулийн байгууллагад “дуудчихаад” байгаа. 

“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд  “Улс төрийн зорилготой, төрийн өндөр албан тушаалтны дансанд дөрвөн сая ам.доллар шилжсэн” гэдгийг мэдэгдчихлээ

Д.Дорлигжав сүүлд өгсөн ярилцлагадаа: 

“Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн Т.Ганболдыг хууль хяналтын байгууллагад өгч хоёр гараа өргөж бууж өгтөл нь тэмцэхээр шийдсэн бөгөөд нэр төрөө дөрвөн сая ам.доллараар үнэлнэ гэсэн юм.

Дөрвөн сая.ам долларын асуудлыг прокурор асан тайлбарлахдаа: 

ОХУ-ын иргэн Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийг түүний дүү Д.Баатар авахаар болж, хоёр сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлжээ. Гэтэл “Голомт” банкны зүгээс бэлэн мөнгөөр авах хүн олдсон гэсэн бөгөөд тэр хүн нь Т.Ганболд болж таарсан. Т.Ганболд 30 сая ам.доллар барьж, Паушок дээр очоод “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авчихсан байна.

Тэгээд тэр Д.Дорлигжавын дүүгийнх нь хоёр сая ам.долларыг буцаагаад шилжүүлсэн гэнэ. Дараа нь, Д.Баатарын “Рекат Монгол” компанийн данс руу хоёр сая ам.долларыг шилжүүлсэн байсныг тус компанийнхан хөөцөлдөөд учрыг нь тодруулахад Т.Ганболд андуураад хоёр сая доллар шилжүүлж буцааж авсан болж таарчээ. Д.Дорлигжавын хэлснээр Т.Ганболдын үзүүлээд яваад байгаа дөрвөн сая долларын баримт ийм л болж таарсан” гэж тайлбарлаад буй.

“Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд  хэвлэлд өгсөн ярилцлагадаа: 

“Ерөнхий прокурор асан Дорлигжавын дүүгийн данс руу дөрван сая ам.доллар хийсэн. Тэр зүгээс маш их дарамт ирсэн учраас тэр мөнгийг шилжүүлсэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа дэлгэрэнгүй ярих боломж байхгүй” гэсэн байдаг.

Ер нь дөрвөн сая ам.доллартай холбоотой сенсаци 2014 оноос эхэлсэн байдаг. Улс төрийн тогтворгүй байдал үүсч эхлэхээр дэлгэгдээд бусад үед намждаг тийм л асуудал болсон.

Мөнгө мөрөө үлдээдэг гэдэг. Дөрвөн сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Зүгээр л чив чимээгүй дараад өнгөрөх асуудал биш юм. Тэр үед Д.Дорлигжав болон Ч.Бямбаа, Д.Баясгалан нар дээрх мэдээлэлд ийн тайлбар мэдэгдлийг хийж, олон нийтийн дунд гараад байсан эргэлзээг түр намжааж байв. Харин энэ удаа дөрвөн сая.ам долларын хэрэг дээр шинэ нөхцөл байдал үүссэн.  Одоо хуулийн байгууллага энэ асуудлаар шалгалт явуулж, дөрвөн сая ам.долларын жинхэнэ эзнийг тодруулах л үлдээд байна.

Зууны мэдээ
Т.Батсайхан

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих