Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд, энэ салбарт зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэний үндсэн дээр гурван жилийн хугацаагаар олгосон эрхийн хүрээнд ажиллахаар заасан байдаг.
Уг мэргэшлийн шалгаруулалтыг Мэргэшлийн зөвлөл эрхлэн гүйцэтгэх бөгөөд есөн гишүүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөлийг Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилсон Хорооны гишүүн даргалахаар хуульд тодорхой тусгасан байдаг.
Тус Мэргэшлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг саяхан шинэчлэн томилсон бөгөөд Хорооны орон тооны бус гишүүн Б.Баярдаваагаар даргалуулсан зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах ээлжит сургалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцжээ.
Эрх олгох, аттестатчилах сургалтыг тавдугаар сарын 6-17-нд явуулахаар товлосон байна.
Мөн хурлаар, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн гаргах хэрэгцээ, шаардлага болон боломжийн талаар хэлэлцэж, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны журам болон Хорооноос батлан мөрдүүлж буй Мэргэшлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан журмуудад оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар зөвшилцжээ