songdo-emneleg

“СОНГДО” бол том сургамж

Магадгүй улс даяараа айдастай унтсан шөнө өнгөрөв. Харин өглөө Эрүүл мэндийн яамнаас “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс илэрсэн сэжигтэй тохиолдлуудын албан ёсны хариу сөрөг гарсан болохыг мэдээллээ. Сайхан мэдээг мялаах мэт хөнгөн цас зөөлөн будрав. Бидний төлөө ажиллаж байгаа бүх хүнд бас байгаль дэлхийд ч баярлалаа.

Хамгийн их айдаст дагуулсан шалтгаан нь эмнэлэгт хэвтэж байсан, эмнэлэгт үзүүлээд явж байсан хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар санамсаргүй байдлаар COVID-19 халдварын шинжилгээ автал хариу эерэг гарсан явдал байв. Энэ хариу батлагдсан бол коронавирус нийгэмд, нийтийн дунд ороод иржээ гэж хүлээн зөвшөөрөх байлаа. Ашгүй бидний төлөө унтахыг умартан, ядрахыг мартан ажиллаж буй эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхны хүчинд эх орондоо дэг журамтай байгаа бид коронатай хөтлөлцчихөөгүй л байна.

“Сонгдо сөрөг” гэдэг мэдээг сонсоод бүгд баярлаж байна. Гэхдээ Сонгдо бол сэрэмжлүүлэг гэдгийг сануулъя. Хэрэв PCR шинжилгээ сөрөг биш эерэг гэдэг хариултыг давтсан бол бидний өнөөдрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх байсныг таахад бэрх.

Эрүүл мэндийн яамнаас аль нэгдүгээр сараас хойш “Өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байх нь таны өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга шүү” гэдгийг олон удаа давтан анхааруулсаар байсан. Гэтэл хоёрдугаар сард хойд хөршид зорчоод ирсэн гэх ач хүү золтой л цус харвуулчихсангүй.

Харин энэ цаг мөчид Эрүүл мэндийн яамнаас мөн л “Тайвшрах болоогүй” гэдэг анхааруулах зурвасыг илгээсээр байна. Албаныхны үгийг анзаардаг, сонсдог, хэрэггүй үг биш гэдгийг ухамсарладаг байх хэрэгтэй.

Хэдий хилийн чанадад хоригдсон элэг нэгтнүүд маань эх орондоо ирж, зарим нь өөрөө ч мэдээгүй COVID-19 тээсээр ирж байгаа ч улсдаа байгаа хэддээ тархаахгүй, халдаахгүй байгаа нь төр засаг, тэдний албадын л гавьяа.

Сонгдо сэрэмжлүүлэг байлаа. Одоо бид хариуцлагаа бүр илүү ухамсарлаж амны хаалтаа ягштал зүүж, ариун цэврээ чандлан сахья. Хайр дурлал мөрөөдөж хий сэлүүцэхээ больё охид, хөвгүүд ээ. Хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сааданд биш гэрт нь өнжүүлье, эцэг эхчүүд ээ. Харин өөрөө онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, олон ангит эхлүүлээд гол дүрд нь дурлаж гэртээ бүгье.

Эх сурвалж: shuud.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих