Та нурууны өвчтэй болоход нөлөөлөх хэд хэдэн шинжийг өөртөө агуулсан юм биш биз? Үүнд:
– Амархан стресстдэг
– Олон цагаар ширээний ард хөдөлгөөнгүй суудаг
– Дасгал хийдэггүй
– Ус бага уудаг мөртлөө кофенд “нугасгүй” г.м…
Стресс нь биеийн дархлааг сулруулдаг. Ингэснээр үрэвсэлд өртөмтгий болж, нурууны өвчин үүсэх үндсэн шалтгаан болох нь бий. Бас би дотны найзуудыгаа кофеноос гаргах гэж сүүлийн хэдэн жил элдэв аргаар л үзэж байна. Каффейн нь сээр нурууны голын жийргэвчүүдийг шингэний дутагдалд оруулснаар, тэдэн дээр тогтож байгаа эмзэг яснууд ачаалал дааж чадахгүй хугарах, гэмтэх, суулт өгөх магадлал өндөрсдөг. Тиймээс кофеноос татгалзаж ус уусан нь дээр.
Та нуруундаа хэт их даралт өгдөг юм биш биз?
Дискний суулт гэдэг тонгойж гутлаа үдэхээс эхлээд бидний өдөр тутамдаа анзааргагүйгээр хийдэг зуршлуудаас үүдэлтэй өвчин юм. Тиймээс нурууны дискээ голдоо жимсний чанамалтай булочкагаар төсөөлөхийг зөвлөж байна. Булочканд хэт их даралт очвол дотроос нь жимсний чанамал нь бүлтэрч гоожих юм уу шахагдаж багасна шүү дээ. Нурууны дискний голын шингэн ч бас шахагдаж гарсаар мэдрэлийн судлуудаа дарж, биеийг тэр чигт нь өвтгөдөг. Өдөр тутамдаа “булочка”-аа хамгаалахын тулд нэг дор цагаас илүү хугацаанд суухгүй байх хэрэгтэй. Суух нь босоогоороо алхахаас илүүгээр нуруунд ачаалал өгдөг. Мөн хүнд юм өргөхөөс зайлсхийгээрэй. Нурууны дискийн суултаас болж алхаж ч чадахгүй болох нь бий.
Та ажлаа хийхдээ хөлөө шалан дээр биш сандлынхаа дугуйн дээр тавьдаг юм биш биз?
Хөлөө өргөчихөөр мөр, хүзүү, сээрний ясанд нэмэлт ачаалал ирдэг байна. Тиймээс хөлөө шалан дээр тавьж сууж хэвшээрэй. Сандал өндөрдсөнөөс хөл чинь газар хүрдэггүй бол суудлаа тааруул. Мөн хооллох болон юм бичихдээ урагшаа тонгойх хэрэггүй. Толгой дор хаяж 5 кг жинтэй учир, газрын татах хүчний тэнцвэрээс өөр байрлалд орох тоолонд жин нь хоёр дахин нэмэгддэг. Тэгэхээр 10 кг нуруун дээрээ үүрч суугаагаас ялгаагүй болно гэсэн үг. Тиймээс нуруугаа эгцэлж (хотойж биш), хоёр хөлөө үл ялиг салгаад, шалан дээр бүтэн тавьж суугаарай. Энэ нь нурууны байрлалыг тэр хэвэнд нь барьж, тэнцвэрийг хадгалдаг.
Бидний нурууны булчин нэг байрлалаар удаан байхад зориулагдаагүй учраас ажлаа хийн 8 цаг хөдөлгөөнгүй суух хооронд аль хэдийнэ ажиллагаагаа мартан, сулрахын хажуугаар, зангирч хатуурсан байдаг. Удаан сууж байгаад босоход нуруу хөшсөн байдгийг бид андахгүй. Тэрхүү зангирсан булчинг нь султгахгүйгээр үргэлжлүүлэн хэдэн сар, жил суувал архаг саажилт үүсч улмаар хөдөлж ч чадахгүй болдог.
Мөн булчин сул дорой байх учраас энэ үед хүнд юм өргөхөд гэмтэх магадлал хэд дахин нэмэгдэнэ. Сунгалтын дасгал бага багаар хийж шөрмөсөө ч бас уян хатан байлга. Халааж байж бага багаар булчингаа нэмэгдүүл. Булчин хүчтэй бол зангирах нь бага байдаг.