2019 он гарснаас хойш Монголын Үнэт цаасны бирж нийт 270 орчим сая төгрөгийн арилжаа хийгээд байна. Үүнээс 50 сая төгрөг нь “Парк таун” бондын арилжаа, үлдсэн 220 орчим сая төгрөг нь “Анд энерги” компанийн хувьцааны арилжаа байна.
“Анд энерги” компанийн хувьцааны арилжааны идэвх хоёрдугаар сар гарсаар эрс буурч, сүүлийн сар хагасын хугацаанд ердөө таван удаа арилжаад байна. “Анд энерги” компани энэ онд 910 орчим сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан талаар тус компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.
Энэ онд борлуулалтын орлогоо хоёр дахин өсгөж, хоёр тэрбум төгрөг хүргэхээр зорьж байгаа юм байна. Ингэснээр ойролцоогоор 400 орчим сая төгрөгийн ашигтай ажиллана гэсэн тооцооллыг гаргажээ. Борлуулалтын төлөвлөгөөгөө ийнхүү өсгөхөд хоёр том гэрээт ажил гол нөлөө үзүүлсэн гэж мэдээлж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-т 400 сая төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болжээ.
“Анд энерги” компани олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Эрдэнэт хотод шинэ үйлдвэрийн байр барьсан юм. Үйлдвэрийн нээлт энэ сарын 25-нд болно гэж мэдээллээ. Тус компани дөрөвдүгээр сарын 27-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийхээр товложээ.