Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан 1072 хувьцаа энэ оноос амь орж ашиг шимээ өгөх тухай таатай мэдээг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өгч байна.
Юуны өмнө тэрээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн хугацаанд 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого хийж 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн барагдуулаад зогсохгүй 720 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилласан гэдгийг онцолж байна.
Ингэснээр олон улсын зах зээлд гарч өрсөлдөх боломж бүрдэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг танилцуулахад бэлэн болжээ.
Олон улсын зах зээлд IPO гарснаар 2019 онд 1072 хувьцаа амь орж үр ашгаа өгнө. Ирэх 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал болж нэг ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлж ногдол ашиг өгөх талаар ярилцаж үнийг тусгайлан тогтооно гэлээ.
Засгийн газраас 1 ширхэг хувьцааны үнийг 933 төгрөг гэж үнэлээд байгаа.
Магадгүй энэ үнэлгээ компани олон улсын зах зээлд гарч ажиллавал нэмэгдэх магадлалтай. Тиймээс иргэд өөрт байгаа хувьцааг зарж үрж болохгүй. Өөрт болон үр хүүхэд ирээдүйд тань хэрэгтэй маш том хөрөнгө оруулалт гэдгийг сануулж байна.