Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн мэс заслын эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ц.Батболд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Энх Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс мэс засал хийх шаардлагатай таван эмэгтэйг оношилж, нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт хэвтүүлэн нарийн шинжилгээнд оруулахаар төлөвлөөд байна.
Энэ долоо хоногт Хүний гавьяат эмч М.Чимгээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Өнөр өрх” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах юм.
Тус хөтөлбөрийн зорилго нь:
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгуулах
Анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний уялдааг сайжруулахад оршино.