Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны тухай ойлголт бидэнд хол, ойлгомжгүй санагддаг. Гэтэл мэдээлэлтэй хүмүүс үнэт цаас, хувьцаагаар дамжуулан орлогоо хэдэн мянга дахин нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын эгнээнд шилжиж байна.
Бид банкинд мөнгөө хадгалуулвал дээд тал жилийн 16 хувийн хүүтэй байдаг бол сайн хувьцааг худалдаж авснаар жилийн дотор хувьцааны үнэ хэд дахин нэмэгдэх, цаашлаад ногдол ашиг хүртэх боломжтой байдаг.
Тохиромжтой цагт, зөв хувьцаагаа сонгож чадвал хувьцаа хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байх болно. Иймд иргэдийн санхүүгийн боловсролд зориулан хувьцааны тухай мэргэшсэн брокерын зөвлөгөөг хүргэж байна.
1.Хувьцаа гэж юу вэ?
Үнэт цаас нь хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас гэсэн гурван төрөлтэй байдаг. Хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, орлогоос хувь хүртэж ногдол ашиг авах эсвэл хѳрѳнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та хувьцаа худалдаж авснаар тухайн компанийн тодорхой хувийг эзэмшиж эхэлнэ гэсэн үг юм.
2. Бид яагаад хувьцаа авах хэрэгтэй вэ?
Хувьцаанаас хоёр байдлаар орлого олж болдог. Нэгдүгээрт, богино болон урт хугацаанд хувьцаа худалдан авах, зарах, хадгалах замаар ханшийн зөрүүнээс ашиг олох. Жишээ нь, та нэгж хувьцааг 700 төгрөгийн үнэтэй байхад нь аваад тодорхой хугацааны дараа 1,500 төгрөг болоход нь арилжвал 800 төгрөгийн ашиг олно гэсэн үг юм. Хоёрдугаарт, хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах үед.
3. Хувьцаа авахын тулд хаана хандах вэ?
Банкинд мөнгө хадгалуулах, гүйлгээ хийхийн тулд данс нээлгэдэг шиг хувьцаа худалдан авч, арилжихын тулд заавал хувьцааны данс нээлгэх шаардлагатай. Эхлээд өөрт ойр байрлах брокер, диллерийн компани дээр очиж үнэт цаасны дансаа нээлгэнэ. Дараа нь төлбөр тооцооны данс нээлгэх шаардлагатай. Бэлэн мөнгөөр хувьцаа худалдан авах боломжгүй учир төлбөр тооцооны данс нээлгэж, мөнгөө байршуулсны дараа захиалгаа онлайнаар, мессежээр эсвэл салбар дээр ирж өгөх боломжтой.
4. Хэрхэн хувьцаа худалдаж авах вэ?
Хувь хүн хувьцааны захиалгыг хоёр төрлөөр өгч болно. Нэгдүгээрт, нөхцөлт үнэ зааж авч болно. Тодруулбал, брокерт захиалга өгөхдөө “2,600 төгрөгөөр нээлт хийсэн компанийн хувьцааг 2,500 болсон үед нь 200 ширхэгийг авъя” гэх мэтээр захиалга өгнө гэсэн үг. Нөхцөлт захиалга нь нэг сарын хугацаанд хүчинтэй байдаг. Хоёрдугаарт, тухайн өдрийн зах зээлийн ханшаар шууд худалдан авах боломжтой. Аль ч тохиолдолд Хөрөнгийн биржийн захиалга, бүртгэлийн систем болох orderbook.mse.mn рүү нэвтэрч компаниудын хувьцааны авах, зарах ханшийг харах нь зүйтэй юм.
5. Анх удаа хувьцаа худалдаж авахаар зорьж буй хүмүүс юуг анхаарвал зохих вэ?
Тухайн компанийн үйл ажиллагаа, хэтийн зорилго төлөвлөгөө, удирдлагын талаар судлахгүйгээр хөрөнгө оруулалт хийж, тодорхой хувийг эзэмших нь маш эрсдэлтэй. Иймд хувьцаа худалдан авахаар зорьж буй хүн компанийн ирээдүйн зорилго, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, санхүүгийн үзүүлэлтийг \өр зээл, санхүүгийн тайлан\ зайлшгүй харвал зохино. Тухайлбал, нийт компанийн хувьцаа эзэмшигчдийг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь нэг хүний эзэмшил, 30 хувь нь өөр нэг хүний эзэмшил, үлдсэн 20 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид бүрдүүлж байвал компанийн засаглал, үйл ажиллагаа хоёр хүнээс хараат байх магадлал өндөр гэсэн үг юм.
6. Анхдагч ба хоёрдогч зах зээл юугаараа ялгаатай вэ?
IPO буюу Initial Public Offering гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгож буй үйл явц юм. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагчидтай байсан ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож, хязгаарлагдмал хариуцлагатай компани \ХХК\ хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани \ХК\ болж байна гэсэн үг билээ. Энэ нь анхдагч зээл юм. Харин нэгэнт зах зээлд гарсан хувьцааг хүмүүс өөр хоорондоо худалдах, худалдан авахыг хоёрдогч зах зээл гэдэг.