Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон бусад албаны хүмүүс нийслэлийн зарим бүсээр явж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор шинээр барих боломжтой газрыг судаллаа.
Тодруулбал, Засгийн газраас гаргасан Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар хотод Үндэсний урлагийн их театрыг байгуулах ажлыг эрчимтэй эхлүүлж байна. Зураг төслийнх нь ажилд ойрын хугацаанд орох бөгөөд үүнээс өмнө газрын байршлыг тодорхойлох ажлыг ийнхүү хийв.
Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон БХБЯ, Сангийн яам, ЭХЯ, БОАЖЯ, ГХЯ, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна.
Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний урлагийн их театр барих боломжтой гэж үзээд энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэв.
Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг үзэж танилцлаа.
Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор үйл ажиллагаа зохион байгуулах бололцоо нөхцөл хангасан үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.