“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаагаа авахын тулд иргэд заавал үнэт цаасны данс нээлгэж тухайн дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдийн тоо 2,511,000 байгаа бөгөөд үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн тоо 1,093,000 болжээ. Харин дансаа нээлгээгүй 1,418,000 иргэн байна.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хишиг хувь хүртсэн иргэдийн мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар баталгаажуулан гурван байгууллагын мэдээллийг үндэслэн иргэдийн хувьцааны бүртгэлийг хийж гүйцэтгэж байгаа ажээ.
Сүүлийн 3-4 сарын хугацаанд данс нээх ажил удаашралтай байгаа гэнэ. Тиймээс гуравдугаар сард үнэт цаасны компаниудтай цахим системийн холболт хийхээр ажиллаж байгаа юм байна. Цахим холболт хэрэгжсэнээр иргэн дурын үнэт цаасны компани дээр очоод данс нээх хүсэлтээ өгч болно. Уг хүсэлтийг цахимаар хүлээн авч “Хур” системтэй тулгаж дансыг нээх боломжтой болох гэнэ. Иргэд хувьцаагаа нээлгэхийн тулд гурван алхам хийх ёстой.
–Нэгт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгах, 1800-1072 мөн дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.
–Хоёрдугаар алхмын хувьд Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно. Ингэхлээ үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд, тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх, байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд зэргийг нь сайн харах ёстой. Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
-Гуравдугаар алхам бол сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэх юм.