Сүүлийн жилүүдэд иргэд хэрэглээний зээл авах нь ихэссэн бөгөөд зээлгүй хүн нүдний гэм болоод буй. Үүнийг эдийн засагчид улс орны эдийн засгийн сул байдал, иргэдийн амьжиргааны түвшинтэй холбон тайлбарлах нь бий.
Ингэснээр нөгөө талаасаа банкин дах хадгаламж багассан байдаг. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар банкуудын нийт хадгаламжийн хэмжээ 15.9 их наяд төгрөг байсан юм.
Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 21 аймгийг нэг хүнд ногдох хадгаламжаар нь эрэмбэлжээ. Ингэхэд Орхон аймагт нэг хүнд ногдох хадгаламж нь 1.7 сая төгрөг байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр тоо юм. Дараагаар нь Өмнөговьд 1.4, Дархан-Уулд 1.3 байна. Харин Булганд 524, Төв аймагт 573, Сэлэнгэд 577 мянга байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм.