Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэдэг газарт 34 настай эрэгтэй С арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 14.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Түүнийг алга болсноос хойш зургаа хоногийн дараа буюу өчигдөр /2019.11.13/ аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сайн дурын иргэд нийлсэн нийт 32 хүн гурван бүлэгт хуваагдан, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч харанхуй болсон учраас эрлийг түр зогсоожээ. Өнөөдөр 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Мөн энэ өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Шилийн ам гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 43 км-т 3,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ.