Улаанбаатар хотын хэмжээнд оффисын 389 барилга ашиглагдаж байна. Мөн баригдаж байгаа оффисын 49 барилга, барихаар төлөвлөсөн есөн барилга байгааг “Тэнхлэг зууч” компани мэдээллээ.
2019 оны гуравдугаар сард оффисын талбайн худалдах дундаж үнэ 3.8 сая төгрөг болж, өмнөх сараас 1.62 хувиар өсжээ. 2018 оны наймдугаар сар хүртэл оффисын талбайн ам метрийн дундаж үнэ 3.3 сая төгрөг байснаа есдүгээр сараас огцом өсөж, 3.5 сая төгрөг болсон байна. Энэхүү өсөлт одоог хүртэл үргэлжилсээр байгааг “Тэнхлэг зууч” компани онцоллоо. Үүнийг худалдан борлуулах зорилготой оффисын барилга түрээслэх талбайг бодвол харьцангуй бага байдагтай холбон тайлбарлаж байна.
Худалдах дундаж үнийг дүүргээр нь харвал гуравдугаар сарын байдлаар нь Хан-Уул дүүрэгт оффисын талбайн худалдах үнэ нэг ам метр 6.1 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт 4.7 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт дөрвөн сая төгрөгийн ханштай байна.
Харин оффисын түрээсийн дундаж үнэ гуравдугаар сард 25 мянга гаруй төгрөг болж, өмнөх сараас дөрвөн хувиар өсжээ. Оффисын түрээсийн дундаж үнийг харвал гуравдугаар сарын байдлаар нэг ам метр нь Хан-Уул дүүрэгт 38 мянга 500 төгрөг, Сүхбаатар дүүрэгт 29 мянга 600 төгрөг, харин Баянгол дүүрэгт 22 мянга 900 төгрөгт хэлбэлзэж байна.
Үүнээс гадна түрээсийн дундаж үнийг зэрэглэлээр нь ангилаад харвал А бүсэд гуравдугаар сард 61 мянган төгрөг болж, өмнөх сараас 3.4 хувиар өссөн байна. Харин B бүсэд 28 мянган төгрөг, С бүсэд 18 мянга төгрөгөөр хэмжигдэж байна.