ABU-robokon-2019

Олон улсын роботын тэмцээнд зориулсан “ABU Робокон-2019” хөтөч тайлбарлагчийн сургалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээн энэ сарын 25-нд Монгол Улсад анх удаа болох гэж байна.

Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ ажиллах бөгөөд арга хэмжээ 23-наас эхэлж, 27-нд өндөрлөнө.

Тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд 16 орны 17 (эзэн орон хоёр баг оролцуулна) баг өрсөлдөх юм.

Үүнд өрсөлдөх Египтийн баг өнөөдөр 05:00 цаг Монгол Улсад хамгийн түрүүлж газардаад байна.

Эдгээр олон оролцогчдод зориулсан хөтөч тайлбарлагчийн сургалт болж, сайн дурынхан болон оюутан залуус оролцсон юм.

Сургалтыг Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны багш М.Мөнгөнцэцэг, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн төвийн багш Ө.Анхболд, резидент эмч Учрал, Энхтүвшин нар удирдлаа.

Сургалтад хамрагдагсад Гадаадын жуулчдад Улаанбаатар хотын түүх соёл, хотын танилцуулга, түүхэн дурсгалт газрууд, гол үзмэрүүдийг хэрхэн тайлбарлах. Англи хэлний зөв тайлбарыг яаж хийх талаар болон орон, орны иргэдийн соёлын ялгааны тухай ойлголттой болсон юм.

Түүнчлэн тэмцээний үеэр болзошгүй эрсдэл тулгарахад гадаадын иргэд, жуулчдад эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэхээс суралцлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих