deendiin-nuruu

Дээндийн нуруунд ховор амьтны жагсаалтад орсон БУГА үржиж байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь хоёр байршлыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг байна.

~Дээндийн нуруунд ховор амьтны жагсаалтад орсон БУГА үржиж байна~

Энэ удаа орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилгоор орон нутгийн хамгаалалтад авахаар санал оруулж ирсэн гэдгээ нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга дарга онцолсон.

Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд энэ үеэр Сэлбэ, Дунд гол орчмыг орон нутгийн хамгаалалтад авч, сурагчид анги хамт олноороо экскурс аялал хийдэг, нийслэлчүүд гэр бүлээрээ аялж зугаалдаг бүс болгох, нийтийн эзэмшлийн гудамж талбайг олон нийтээс булаан “дээрэмддэг” явдлыг цэгцлэх саналууд гарч байв. Түүнчлэн Богд хан уул руу амралтын өдрөөр иргэд олноороо явган аялал хийдэг болсон тул тухайн чиглэлд нийтийн тээврийн шинэ чиглэл гаргах, авто зогсоолыг нэмэгдүүлэх асуудлыг ч төлөөлөгчид хөндөж байлаа.

Ингээд төлөөлөгчдийн 78.79 хувийн саналаар хуралдаанд оруулсан асуудал дэмжигдсэнээр Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих