МИАТ компани “Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байгаа аж.
МИАТ компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэх зорилгоор шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болсон.
эхнийх нь онгоц нэгдүгээр сарын 21-ний өдөр Монголд ирэх юм байна.
Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард зээлийн төлбөрөө барагдуулжээ.
Харин энэ онд худалдан авах хоёр агаарын хөлгийн хувьд компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ. Энэ хүрээнд 2017 онд агаарын хөлөг түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Avolon” компанитай гэрээ байгуулж, тус компаниар дамжуулан урт хугацааны түрээсээр ашиглахаар тохиролцсон байна.
МИАТ компани зунаас бусад үед онгоц ашиглалтаа нэмэгдүүлэх, бусад чиглэлээ ашигтай болгох, шинэ ашигтай чиглэл нээх зэргээр үйл ажиллагаагаа эрс сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн суудал захиалгын шинэ программ хангамжтай болсноор эрэлтээс хамаарч үнэ, тариф өөрчлөгддөг болсныг тус компанийн удирдлага онцолж байна.