Алтны татвараа амжиж батлах уу, алдагдал хүлээх үү?

Алтны татвар бага байх тусам алт тушаалт нэмэгдэж, татвар өндөр байх тусам багасч  гадаад валютын нөөц хэлбэлзэж буйг Монголбанкнаас хийсэн судалгаа харуулж байна.

Атны татварыг 68 хувь болгосон 2006-2013  ондуудад 15.5 тоннд хүрч байсан алт 2-6.4 тонн болж багсч нэг ёсондоо Монголбанкны “Эрдэнэсийн сан”- хоосорч байжээ. Гэнэтийн ашгийн татварыг 68 хувьд хүрснээс болж 2010 онд хамгийн бага хоёрхон тонн алт төвлөрүүлсэн байх юм. Гэтэл яагаад 2006 оноос өмнө таван хувьтай байсан  алтны рояалтийг гэнэт өсгөж 68 хувьд хүргэх шийдвэр гаргасан гэдгийг судлаад үзэхээр ямар ч судалгаа, тооцоолол байдаггүй тухай Төвбанкныхан хэлж буй.

Тэгвэл өнөөдөр алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилсан гэж УУХҮ-ийн сайд мэдэгдээд байгаа. Гэвч УИХ-ын хуралдаанаар үүнийг баталгаажуулахгүй бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс алтны татвар тэг болж 50-90 орчим тэрбумын  алдагдалд орох эрсдэл үүснэ хэмээн учир мэдэх нь тайлбарлаж байна.

Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.

Хэрэв алтны татварыг таван хувь болгож нэмбэл алт олборлогч компани, аж ахуйн нэгж, иргэд  хуучин арга барилдаа шилжиж, татвараас зайлсхийх, алт тушаалт багасах, хууль бусаар гадагш гаргахыг завдах гээд сөрөг үр дагавар үүсч магадгүй гэсэн болгоомжлол байна.

Тиймээс одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг дунд хугацаандаа гурван жилээр ч юмуу сунгах хэрэгтэй гэж Төв банк үзэж байгаа юм.

sudalgaa

                                          Алтны татварыг 2.5 хувь байхаар хуульчилах нь зөв үү?

Олон улсын валютын сангийн шинжээчид хэлэхдээ “Тэнгэрийн хаяанд үүл хуримтлагдаж байна. Дэлхийн эдийн засагт тодорхой хэмжээний шуурга, доргио үүсэх гээд байгаа биш үү. Иймд гадаад валютын нөөц эрсдэлгүй, хуримтлал хэвээр байх хэрэгтэй”-г сануулсаар байна.

Зарим судлаач, эдийн засагчид эдийн засгийн хямралын  мөчлөгийг харахад 2008 оноос хойш арван жил боллоо. Цаг хугацаагаар бол дараагийн хямралын мөч ойртсон.Иймд алт худалдан авалтыг хэвээр үргэлжлүүлэхэд татвар энэ хэвээр үргэлжлэсэн нь дээр гэж байна.

Дэлхийн банкны эдийн засагч  Б.Даваадалай “Алтны татварыг одоохондоо нэмэх хэрэггүй. Харин нь өсөн нэмэгдэх татварыг тэглэх хэрэгтэй. Бусад оронд алтны татвараа таван хувиас доош оруулдаггүй. Харин манайх шиг өсөн нэмэгдэх татвар авдаггүй. Манайх таван хувь болгочихвол өсөн нэмэгдэх татвартайгаа нийлээд ес хувь болох гээд байгаа. Нөгөө талаар “Алт-2″ хөтөлбөрийн нөлөөгөөр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл үүсэх тул хамгаалах чиглэлд давхар анхаарах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Эдийн засагч Ч.Хашчулуун “Монголбанкны зүгээс дэлхийд эдийн засгийн хямралын дохио үүсэх юм бол эрсдлийг хэрхэн давах тухай бодлого байх ёстой. Гэхдээ  АНУ-аас Ази руу чиглэсэн  олон нийтийг хамарсан санхүүгийн хямрал маш хүчтэй доргиог дэлхийд өмнө үүсгэсэн. Үүнд нэлээн бэлтгэлтэй болж туршлага суусан учраас одоо ирэх хямралыг зөөлрүүлэн давах сургамж авсан. Тиймээс хямрал боллоо гэхэд 2008 оных шиг сүртэй болохгүй” гэлээ.

Энэ бүгдийг хэлж буй нь эдийн засгийн хямрал болвол бид эрдэнэсийн сангаа л дүүрэн байлгаж түүгээрээ хямралыг давахаас өөр гарцгүй. Ямар ч байсан алтны татвараа он дуусахаас өмнө хуулиар баталгаажуулахгүй бол эрсдэл үүснэ гэдгээ салбарын сайд эрх биш мэдэж байгаа биз.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих