how to make IPO

  IPO хийх гэж буй компаниудад ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ

Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтаар Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга С.Өлзийбаяр  IPO хийх гэж буй компаниудад хандан чухал зөвлөгөөг  сануулав. Тэрээр:

Компанийн ихэнх нь банкнаас зээл авдаг. Үүнийхээ оронд компанийн хувьцааг олон нийтэд санал болгоод IPO хийж, санхүүжилт эсвэл бонд босгох хэрэгтэй.  IPO хийх гэж байгаа компанийн удирдлагууд “Яагаад” гэдгийг бодолцож, зорилгоо тодорхойлох ёстой.

IPO-г зөвхөн мөнгө гэж харах юм бол алсын хараа дутуу байна. IPO хийнэ гэдэг хуваалцах гэсэн үг. Өөрийн бизнесээ олон нийттэй хуваалц. Үүний тулд хувийн компани ажиллуулж буй захирал шиг байж болохгүй. Хариуцлагатай, нээлттэй байх, мэдээллийг хувьцаа эзэмшигчдэдээ ил тод, нээлттэй өгч байх ёстой.

Өөрөөр хэлбэл, өөрийн бүх юмаа ил тод болго. Нэгэнт олон нийтээс мөнгө босгож байгаа учраас амархан бүтдэг ажил биш. Банкнаас зээл авч байгаа хэрэг биш учраас IPO хийхэд хамгийн багадаа зургаан cap зарцуулна гэж зөвлөлөө.

Мөн “хувьцаат компаниуд өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаад байна” гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр нээлттэй хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

Тухайлбал “Говь”, “АПУ” гэсэн хувьцаат компани хуулийн дагуу тайлангаа тавьж, засаглалын үнэлгээгээ хийж байгаа. Тэд хувьцааны давуу талыг ойлгосон “сайн” компаниуд гэсэн үг. Гэвч зарим том компанийн хувьцааг зөвхөн гэр бүлийн хүмүүс нь 100 хувь эзэмших сонирхолтой байдаг. Хувьцаагаа худалдчих юм бол худалдан авсан этгээд компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажил хийлгэхгүй гэх ойлголттой яваа нэгэн ч бий.

Хүссэн ч, хүсээгүй ч хөрөнгийн зах зээлд 20 жил явж ирсэн компани хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжих зайлшгүй шаардлага тулгардаг. Хувьцаагаа олон нийтэд худалдаж сайн засаглалтай хувьцаат компани болж байж хувьцаа нь нэмэгдэж, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх нь үр дүнтэй. Монголд мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулах ч үр өгөөжтэй.

Нийт хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн нэг хувиас дээш хувьцаа эзэмших юм бол компанийг алдагдалд оруулсан эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг шаардах, нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн 10-аас дээш хувьцаа эзэмшвэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Энэ бүхэн хуульд байгаа боловч компаниуд ойлголт багатай учраас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадахгүй байна гэжээ.

Нэг өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн чуулган дөрвөн танхимд зэрэг явагдаж 10 гаруй сэдвээр 30 орчим хүн илтгэл тавьж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн мэдлэг, мэдээллээр хур буулгаж амжилттай болж өндөрлөсөн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих