image_660

​Хакерууд Хятадуудаас 40 сая ам.долларын өртөг бүхий биткойн хулгайлжээ

Дэлхийн томоохон криптовалютын биржүүдийн нэг болох БНХАУ-ын Шанхай хотод төвтэй “Binance” компани өчигдөр буюу мягмар гаригт хакерын халдлагад өртөж, их хэмжээний хохирол амссан болохоо мэдэгдсэн юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр үл мэдэгдэх хакерууд тус компанийн хамгийн сүүлийн үеийн өндөр технологи бүхий цахим хамгаалалтын системийг эвдэн 7,000 нэгж буюу ойролцоогоор 40 орчим сая ам.долларын өртөг бүхий бикткойныг хулгайлсан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хакерууд тус компанийн олон мянган хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үг болон хувийн мэдээллийг цуглуулж хоёр хүчин зүйл таних кодын тусламжтай сүлжээнд нэвтэрсэн аж.

Криптовалютын арилжаанд худалдаа хийгч талууд биесээ огт мэдэхгүй байх боломжтой нь цахим луйвар болон мөнгө угаах гэмт хэргийн хэрэгсэл болдог гэж үздэг. Харин “Binance” компани нь хэдий 2017 онд байгуулагдсан ч худалдан авагч талын зөвхөн цахим хэтэвчний мэдээллийг харуулах боломжтой гэдгээрээ бусдаас давуу байж олон сая үйлчлүүлэгчтэй болсон юм.

Халдлага үйлдсэн хакерууд тун ухаалаг, тэвчээртэй болохыг албаны хүмүүс онцолсон бөгөөд зөвхөн оргил цагийн ачааллыг далимдуулан сүлжээнд саатал үүсгэх замаар өөрсдийн үйлдлийг далдалж байсан аж. Энэ мэт арга барилаас нь ажиглах юм бол гэмт хэрэгтнүүд дээд зэргийн мэргэжлийн олон улсын бүлэглэл байхаас гарцаагүй гэж үзэж байна. Гэхдээ тус компанийн цахим хамгаалалтын алба халдлага үйлдэгчдийн мөрөөр орсон болохоо дуулгасан бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор компанийн хэд хэдэн ажилтныг саатуулаад байгаа аж.

Ердөө хоёр жилийн өмнө тэсрэлт хийж байсан биткойн хэсэг хугацаанд тогтвортой ханш үзүүлсний дараагаар өнгөрөгч сараас нэгж үнэ нь 9 хувиар өсөх болсон. Үүнийг криптовалютын зах зээлийн шинжээчид үл мэдэгдэх хөрөнгө оруулагч их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм. Харин дэлхийн томоохон биржүүдийн нэгт тохиолдсон энэ халдлага нь уг салбарт хүнд цохилт болж болохыг эдийн засгийн шинжээчид анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих