honhtoi-tsetserlegt-hureelen-zaswar

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх 6 дугаар сард дуусна

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах асуудлаар нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар цахимаар мэдээлэл хийлээ.

Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн байдлыг цуцалж, олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан юм. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь ийнхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1,6 га талбайг хамардаг бөгөөд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Бямбадорж “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, ажлын болон нарийвчилан төлөвлөгөөг гаргаад цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 20 жил засварлаж тордоогүй учраас шинэчилж засварлахаар боллоо” гэв.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх зургаадугаар сарын 05 гэхэд дуусгах аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих