company-3

Д.Ганбаяр: Засаглалын үнэт зүйл нь хөрөнгө оруулагчийн ИТГЭЛ ҮНЭМШИЛ

Сүүлийн жилүүдэд  үндэсний  томоохон компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож хөрөнгө босгох явдал нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн жилээс  IPO гаргах компаниудын тоо нэмэгдэж он гараад “Түмэн шувуут”, “Ард кредит” -ээс эхлээд хэд хэдэн байгууллагууд  хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Хэдийгээр иргэд, хөрөнгө оруулагчдын дунд компанийн хувьцаа эзэмшигч болохыг хүссэн ч “итгэл дундуур” байх шиг хандлага ажиглагдаад буй. Эл асуудлын цаад учгыг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр ийн тайлбарлаж байна.

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр: 

Иргэн эхлээд тухайн компани хэдий хэмжээний хөрөнгө босгох гээд байгаа юм. Босгосон хөрөнгөөрөө ямар төсөл хэрэгжүүлэх юм, ингэснээр үйл ажиллагаа нь яаж өөрчлөгдөх юм, та энэ компанийн хувьцаа эзэмшигч болсноор ямар хэмжээний ногдол ашиг авах юм. Ямар байдлаар зах зээл нь өргөжих юм гэх зэргээр судлах хэрэгтэй. Харин компаниуд дүрэмдээ анхаарах шаардлагатай. Тухайлбал, ногдол ашгийн төлөвлөгөө бий юу. Жил бүр хувьцаанаас ногдол ашиг тараах уу, үгүй юу.

D.Ganbayr

Мэдээллийн ил тод байдал нь хангалтгүй болохоор иргэд итгэл дундуур байна.

Түүнчлэн хувьцаа эзэмшигчдэдээ мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой. Мөн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс байх юм. Хараат бус гишүүнд ямар хүмүүс орох юм. Аудитын хорооны үнэлгээ гэх мэт тогтолцооны асуудал хамгийн чухал анхаарах асуудал. Засаглалын хувьд үндсэн гурван зүйлийг л онцолдог. Үүнд үнэт зүйл буюу хөрөнгө оруулагчийн итгэл үнэмшил.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт босгож түүнийгээ төслүүддээ зөв зарцуулах уу, тэдний хяналт дор байж чадах уу. Хамтын удирдлагад тэднээс оролцуулж шийдвэр гаргахад оруулах уу гэдэгт хувьцаа гаргаж байгаа хөрөнгийн эзэд нухацтай сайн ойлголттой, итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй.  Хоёрдугаарт, хувьцаа гаргачихлаа цаашид хөрөнгө оруулалтын болон ТУЗ-ийн гишүүдийн бодлого ямар байх юм. Ямар хүмүүсийг ТУЗ-даа оруулбал стратеги төлөвлөлтөд хүрч чадах юм. Эцэст нь дүрэм, журмаа хэрэгжүүлж буй тогтолцоонд тавих хяналт.

Сүүлийн үед гэр бүлийн компани байж байгаад олон нийтэд ил тод, нээлттэй компани болдог. Тэгсэн хэр нь хөрөнгийн эздийн сэтгэлгээ хуучнаараа байгаад байна. Өмнө нь банкнаас өндөр хүүтэй зээл авч байхаар хувьцаа гаргаж хөрөнгө босгоё гэдэг байв. Гэтэл одоо зайлшгүй хамтын удирдлагыг хэрэгжүүлэх хуультай болсон. Хувьцаа эзэмшигчдийн өмнө ил тод байх, тайлангаа тавих гээд дүрэм журмаа биелүүлэхээс өөр аргагүй.

Хөрөнгийн биржид одоогоор нээлттэй 250 гаруй компани бий. Компанийн үнэт цаасны мэдээллийн ил тод байдлын журмаар жилийн үйл ажиллагааны тайланг заавал гаргаж тайлагнах ёстой. Жишээлбэл, ТУЗ хэдэн удаа хуралдсан, ямар асуудал хэлэлцсэн тайлан, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй эздийн мэдээлэл. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид гээд бүх мэдээллийг тайлангаар мэдээлнэ.

Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч компани энэ мэдээллээ ирүүлээгүй. Түүнчлэн ямар тайлан гаргах дүрэмтэйг хувьцаа эзэмшигчид нь мэддэггүй. Ингэхээр мэдээллийн ил тод байдал нь хангалтгүй болохоор иргэд итгэл дундуур байна. Тэгэхээр эхний төвшинд журмаа хэрэгжүүлдэг болох хэрэгтэй. Хөрөнгийн бирж гаргасан журмуудаа хэрэгжүүлэхэд компаниуд шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. Манайх засаглалыг сайжруулах талаар Хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах талаар санаачилга гаргаад байгаа. 

 

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих